Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Япон улс болон БНСВУ-д албан ёсны айлчлал хийлээ. Сайдын эхний айлчлал БНСВУ-аас эхэлсэн бөгөөд тэр бээр БНСВУ-ын Үндэсний Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Нго Суан Личийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж, хоёр талын уулзалт хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний дараагаар хоёр орны сайд нар Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон БНСВУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурав. Мөн айлчлалын хүрээнд БНСВУ-ын Засгийн газрын Байнгын шадар сайд Чыөнг Хоа Биньд бараалхаж хоёр улсын харилцаа, Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Энэ жил БНСВУ-тай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгаа бөгөөд Батлан хамгаалахын сайд тус улсад айлчилж Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж харилцаагаа шинэ шатанд гаргасан нь онцлог боллоо.